2012-01-15,
 э Rating: 10.0/10 (6 votes cast) Локаутын улмаас хоёр тал болон дайтаж, эхлэх хугацаанаасаа сар гаруй хоцорсон NBA-гийн шинэ улирал Зул сарын баярын өдөр нээлтээ хийлээ. Лигийн удирдлагууд сагсан бөмбөгөө санасан хөгжөөн дэмжигчдэдээ зориулж энэ өдөр шилдэг багуудыг өөр хооронд нь тоглуулсан юм. Игээд шинэ улирлын эхний өдөр болсон таван тоглолтын тоймыг хүргэе. БОСТОН-НЬЮ-ЙОРК 104:106 Б: Р.Рондо 31+15 о.дамж, Б.Басс 20+11 самбар, Р.Аллен 20, К.Гарнетт 15+8 самбар Н: К.Энтони 37+8 самбар, А.Стаудемайр 21, Т.Дуглас 19, И.Шамперт 11 Шинэ улирлын нээлтэд Дорнод бүсийн хоёр хүчирхэг баг тулсан нь энэ. “Селтикс” сүүлийн үед “Никс”- ийг хожиж гаршаад байгаа гэж болно. Өнгөрсөн улирлын плей-оффт л гэхэд тэд учраагаа дөрөв дараалан хожиж, тэмцээнээс мулталж байв. Тэгвэл “Никс” энэ удаа талбай дээрээ хариугаа анвч, шинэ улирлыг урамтай эхлүүллээ. Тэд тоглолтын эхнээс тогтмол давамгайлж явсан ч гурав, дөрөвдүгээр үед бариулж, улмаар оноогоор хоцрох болсон. Харин сүүлийн үед К.Энтонигийн гайхалтай тоглолтын ачаар тоог тэнцүүлсэн төдийгүй цаг дуусахаас 16 секундын өмнө 106:104 болгон тэргүүллийг авсан юм. Үлдсэн хугацаанд “Бостон” хоёр удаа довтолсон ч байгаа оносонгүй. “Никс”-ийн шинэ тоглогч Т.Чандлер энэ өдөр долоохон оноо багтаа нэмэрлэсэн ч хамгаалалтад чамгүй тус хүргэж, зургаан блок-шот хийсэн юм. Харин “Бостон”-ы шинэ цэрэг Б.Басс давгүй тоглож, дабл-дабл хийлээ. МАЙАМИ-ДАЛЛАС 105:94 М: Л.Жеймс 37+10 самбар+6 о.дамж, Д.Уэйд 26+8 самбар+6 о.дамж, У.Хаслем 9+14 самбар Д: Ж.Терри 23, Д.Новицки 21, Д.Уэст 10 Өнгөрсөн улиралд аваргын цом булаалдсан хоёр багийн халз дуэль энэ өдрийн оргил тоглолт байлаа. Гэсэн ч үзэгчдийн хүсэн хүлээж байсан тоглолт тийм ч сонирхолтой өрнөсөнгүй. Зочин баг “Майами” эхний үед л 15 онооны давамгайлал бий болгож, үүнийгээ цаг дуустал хадгалж чадсанаар финалд хожигдсон хариугаа авлаа. Сүүлийн үе эхлэхэд “Хит” 32 оноогоор давамгайлж байсан. Харин тоглолтын төгсгөлд лидерүүдээ амрааснаас өрсөлдөгчдөө оноог ойртуулах боломж олгосон юм. Леброн энэ өдөр 37 оноо авч багаа тэргүүлсэн. Урьд өмнө “Майами”-гийн нэг ч тоглогч улирлын нээлтийн өдөр ийм өндөр оноо авч байгаагүй аж. ЧИКАГО-ЛЕЙКЕРС 88:87 Ч: Д.Рөүз 22, Л.Денг 21+7 самбар, К.Бузер 15, Ж.Ноа 6+9 самбар Л: К.Брайант 28+7 самбар+6 о.дамж, П.Газоль 14+8 самбар, С.Блейк 12 Цаг дуусахаас хоёр минутын өмнө “Буллз” 77:85-аар хожигдож байлаа. Гэвч үлдсэн хугацаанд өөрсдөө 11 оноо авч, өрсөлдөгчдөө хоёрыг алдсанаар итгэмээргүй ялалт байгуулж чадав. Л.Денг багийнхаа нэхэлтэд чухал үүрэг гүйцэтгэж, энэ хугацаанд зургаан оноо нэмэрлэсэн. Улмаар цаг дуусахын өмнөхөн өнгөрсөн улирлын MVP Д.Рөүз оролтоо амжилттай болгож, багтаа тэргүүллийг авчирсан юм. Зөрүүлээд Коби довтолсон ч Л.Денг блок хийснээр ялалт “Чикаго”-д иржээ. ОРЛАНДО-ОКЛАХОМА 89:97 Ор: Р.Андерсон 25+10 самбар, Ж.Нельсон 18, Д.Ховард 11+15 самбар Ок: К.Дюрант 30, Ж.Харден 19, Р.Уэстбрук 14+7 самбар+6 о.дамж “Оклахома”-гийн залуус “Супермэн”- ий багийг ядах юмгүй хожиж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав. Тэд тоглолтын турш арваад оноогоор тэргүүлж явсан бөгөөд “Орландо” зөрүүг багасгах оролдлого хийх бүрт К.Дюрант хариуг нь барьж байв. “Орландо”-гийн хувьд энэ өдөр дөнгөж 37 хувьтай довтолсон болохоор ялалт байгуулах талаар санахын ч хэрэггүй байсан. Багийн оноог авдаг гол тоглогчид болох Ж.Ричардсон, Д.Ховард, Х.Туркоглу нар тун хангалтгүй довтолсон нь тэдний ялагдлын гол шалтгаан байлаа. КЛИППЕРС-ГОЛДЕН СТЭЙТ 105:86 К: Б.Гриффин 22+7 самбар, К.Пол 20+9 о.дамж, Ч.Биллапс 21, К.Батлер 11+10 самбар, А.Жордан 6+8 блокшот Г: Д.Ли 21+12 самбар, М.Эллис 15+8 о.дамж, Б.Раш 12, А.Биедринс 10+8 самбар Энэ өдрийн сүүлийн тулаанд Б.Гриффин, К.Пол, Ч.Биллапс тэргүүтэй “Клипперс” итгэлтэй хожил авлаа. Уг нь “Голден Стэйт” эхний гурван үед маш сайн тоглож, өгөө аваатай явсан. Гэвч сүүлийн үед 18 оноо авч, 30-ыг алдсанаар онооны зөрүү 19 болж холдсон юм. Томхон итгэл найдвар дагуулж “Клипперс”-т ирсэн К.Пол эхэндээ тааруухан байсан ч сүүлийн үед өөрийгөө хэн болохыг харуулж чадсан. Мөн Ч.Биллапсын ухаалаг, итгэлтэй тоглолт багтаа эерэг нөлөө үзүүлж байсныг дурдах хэрэгтэй. Г.БАЯР

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax